Oe Kenzaburo / The Catch / Тэжээмэл
Дэлхийн хоёрдугаар дайны аймшигт өдрүүдэд би эндээс хэдэн мянган бээрийн тэртээх Японы олтригийн Шикокү арлын нэвтэршгүй ойгоор хүрээлэгдсэн тосгонд амьдардаг жаахан хөвүүн байлаа.
(Оэ Кензабүро. Нобелийн шагнал хүртэхдээ уншсан лекцээс)
Японы орчин үеийн уран зохиолын гол төлөөлөгч, Нобелийн шагналт (1994) зохиолч Оэ Кензабүро Тэжээмэл туужаа ч мөн адил ойгоор хүрээлэгдсэн тосгонд амьдардаг жаахан хөвүүний нүдээр бичсэн байна. Хүн бүхэнд тод гэрэлтэй дурсамж, мартагдашгүй ул мөрөө үлдээдэг хүүхэд насанд нь туссан дайны хар сүүдэр, шаналал зовлонгоо тэрээр зохиол болгон гаргажээ.
Уйтгарт хязгаар дахь амар амгалан хөндий, булгийн ус мэт хүйтэн манан хөшиглөх их уулс, тэдгээр уулсын оройгоос усан үзмийн өнгөт туяагаар тосгоныг будан мандах ув улаан нар, хөгжил цэцэглэлт гэх юмгүй ажин түжин даруухан тосгон, дэлхий ертөнцийн соёл иргэншлээс хол хөндий эгэл жирийн хүн зон… Хэдийгээр энэ газар үлгэрийн орон, үзэсгэлэнт диваажин шиг төсөөлөгдөх авч уулын дэвцэгт байрласан жижигхэн тосгон нь хараацайс адил эрх дураар дүүлэх хүүхдүүдийн хувьд мөнхийн уйтгартай газар билээ. Зогсолтгүй орсон их борооны улмаас уулын хормойн хөрс нурж тосгоныг сууринтай холбож байсан гүүрийг эвдчихсэн тул суурин орох зам хаагдан, сургууль хаалгаа барьж, шуудан ч ирэхээ болив. Дөнгөж зун эхэлж байсан тул гүүр шороонд дарагдан сургууль хаагдсанд тосгоны хүүхдүүд баяртай байжээ. Учир нь түр ч атугай сургуульд явахаа болино гэдэг нь хот суурингийн хүүхдүүдэд тосгоны бохир, бүдүүлэг, мэлхий хэмээн шоолуулахгүй болно оо гэсэн үг. Эл туужын гол хүүрнэгч, би баатар болбоос тосгоны төвд байх нийтийн агуулахын дээврийн хөндийд аав, дүүгийн хамт амьдрах хиргүй гэнэн сэтгэлтэй арваад насны жаал болой.
Өмнө нь зохиол бүтээлтэй нь танилцаж байгаагүй миний хувьд Оэ Кензабүрогийн бичлэгийн арга барил онцгой сэтгэгдэл төрүүлсэн гэдгийг юун түрүүнд хэлэх байна. Ар араасаа цуварсан богино хүүрнэл доторх энгийн хэрнээ оновчтой зүйрлэлүүд, намуухан урсах горхи лугаа адил хөгжимлөг зураглалууд, тодорхой бус-бүдэг атлаа сэтгэлийн гүнд мэдрэгдэх уран санааг нь дурдахгүй байх аргагүй. Зохиолын үйл явдлыг товчхон өгүүлвэл дээр дурдсан бөглүү тосгоны ойролцоох ойд Америкийн байлдааны онгоц унаж тосгоны эрчүүд хар арьст нисгэгчийг нь барьж ирнэ. Энэ нь хийх ажилгүй гиюүрч байсан хүүхдүүдийн хувьд ёстой л тэнгэрээс од шүүрсэн лугаа адил завшаантай хэрэг болно. Хар цэргийг нийтийн агуулахын зооринд хорьсон нь дээврийн хөндийд нь амьдрах хүүгийн хувьд шинэ сонин “олз”-той нэг гэрт байгаа мэт гэнэтийн баяр хөөр төрүүлэх ажээ.
- Онгоц яасан бэ? Юу болсон бэ? хэмээн дүү эмээнгүй дуугарав.
- Шатчихсан. Хээрийн түймэр гарах дөхлөө.
- Бүгд үү, бүр юу ч үлдээгүй гэж үү? хэмээн дүү дахин асуугаад санаа алдав.
- Сүүл нь л үлдсэн.
- Сүүл ээ… гэж дүү гайхсан өнгөөр дахин давтав.
- Тэр хар цэргээс бусад нь яасан бэ? Ганцаараа байсан юм болов уу? гэж би асуулаа.
- Өөр хоёр цэрэг үхжээ. Харин тэр шүхрээр буусан байна лээ.
- Шүхэр ээ… гэж дүү улам гайхширан дуугарав.
- Тэр цэргийг яах бол? гэж би зориглон асуулаа.
- Хотоос шийдвэр иртэл бид тэжээнэ. (Тэжээмэл. х29)
Нэг бодлын Америк нисгэгч зэрлэг гахайн урхи-хахир гинжээр гинжлүүлсэн өмнө нь үзэж харж байгаагүй харь холын араатан мэт, нөгөө бодлын бөглүү тосгоны дасал болсон уйтай амьдралд гэнэт орж ирсэн хачин сонин зүйл мэт санагдах аж. Алс хязгаар дахь тосгоны аравхан настай хүүгийн хиргүй ариун, гэнэн цайлган нүдээр дайны утаан дундаас гарч ирсэн хар арьст цэргийг харах нь зохиолчийн бодож олсон өвөрмөц эсрэгцүүлэл гэлтэй. Улмаар цэргийг яах эсэх талаар мэдээ хотоос ирэлгүй удаж, томчууд ч дор бүрнээ хийх ажлаа хийн, тэжээмэл-хоригдолыг тоохоо больж эхлэх үед тосгоны хүүхдүүд болон хар арьст цэргийн хооронд үүсэж буй харилцаа зэрэг нь тун сонирхолтой.
Бид нэг нэгнийгээ удаан ажигласны дараа хар цэргийн урхийг тайлж авахаар шийдэв. Хар цэрэг дандаа зовж шаналсан араатан мэт нүд нь нулимс, өөхний аль нь үл мэдэгдэх шингэнээр дүүрэн байх бөгөөд зоорины шалан дээр өвдгөө тэврэн чив чимээгүй суух тул урхинаас нь суллачихлаа гэхэд бидэнд ямар нэг муу юм хийхгүй л болов уу? Хар л болохоос.
…Орой болж, зоорины сөхдөг хаалганд нүсэр том цоож углахаар ирсэн аав, хар цэргийн эрх чөлөөтэй болсон хөлийг харсан боловч айж түгшин зогсох биднийг загнасангүй. Хар цэрэг мал шиг номхон хэмээх бодол уушгинд орох агаар мэт томчууд, хүүхдүүдгүй тосгон даяар түгэн тархжээ. (Тэжээмэл. х51)
Туужын төгсгөл тун ээдрээтэй, хүн ёсны зөрчлөөр дүүрэн. Тосгоны амьдралын нэг хэсэг болсон хар арьст эр (тэр одоо цэрэг байхаа нэгэнт больжээ), түүнийг хамгаалахаар оролдож буй жаалхүү, сүх барин дайрах аав нь түүн рүү биш өөр лүү нь дайрч буй мэт харагдах агшин, тосгоны хүүхдүүд бүхий л амьд амьтдыг хайрлан тэжээгч Пан бурхан шиг бодогдох хором гээд л… Эдгээр бүхий л өрнөлийг уншигч танд үлдээе. Ямартаа ч зохиолын төгсгөлд жаалхүү аль хэдийн хүүхэд байхаа больжээ. Тийм ертөнцтэй холбогдох холбоо сүлбээ ч нэгэнт үгүй болж. Тэр мартагдашгүй дурсамж үлдээдэг гэнэн цагаан хүүхэд насаа алдаж гээсэн үү, аль эсвэл томоожиж ухаажсан уу? Чухам юу эцгээр нь хүүгийнх нь гарыг няц цохиулж чаддаг байх вэ? Эсвэл тэр үед Марк Твений бичсэн Хекльберри Финнийн адал явдал зохиолын гол дүр бяцхан Нильс шиг: Би том хүн болсон. Би дахиад хүн болсон! хэмээн хашхирмаар байсан дайны үеийн Японы бяцхан тосгоны жаал одоо нэгэнт том хүн болж, Японы ард түмэн “эдгэж” өөрчлөгдсөн хэрэг үү, уншигч та өөр өөрийнхөөрөө дүгнэх бизээ.
Түүхийн урт замыг эргээд харахад хүн төрөлхтөн таньж мэдэхгүй юмныхаа дайсан байсаар иржээ. Дэлхийн хоёрдугаар дайн Кензабүрог дөрвөн настай байхад эхэлж арван настайд нь дууссан байна. Тэжээмэл зохиолын гол баатар ч мөн арван настай хүү бөгөөд уг туужын үйл явдал мөн л дайн дуусаж байх үед өрнөж байгаа нь санаандгүй давхцал биш болов уу. Тэжээмэл зохиол гарсан даруйдаа өндрөөр үнэлэгдэж “гоц авьяаст оюутан зохиолч” маань 1958 онд хорингурван настайдаа Японы утга зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал болох Акүтагавагийн нэрэмжит шагналыг Кавабата Ясүнари тэргүүтэй нөлөө бүхий зохиолч, шүүмжлэгчдээс гардсан юм. Үүнээс гурван жилийн дараа буюу 1961 онд японы нэрт найруулагч Нагиса Ошима ижил нэрт (The Catch) кино бүтээсэн бий.
Дайны эсрэг үл тэмцэгчид бол үнэн хэрэгтээ дайны хамсаатнууд юм.
Кристоффер Найроп